2025.04.07 - 2025.04.11

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Бүх цаг хугацаанд амжилттай ажилладаг

хөрөнгө оруулалтын стратеги гэж үгүй."

- Жон Полсон

МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР ГАНБОЛДЫН ЭНХБАТ ТОМИЛОГДЛОО

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын ээлжит хурлаар Удирдах зөвлөлийн дарга Цэрэндавга овогтой Содхүүг сонгуульт албан тушаалаас чөлөөлж, Ганболд овогтой Энхбатыг хуралд оролцогчдын 63.63 хувийн саналаар Удирдах зөвлөлийн даргаар сонголоо.

Г.Энхбат нь хөрөнгийн зах зээл, банк санхүүгийн салбарт 20 жилийн арвин туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр ажлын гараагаа 2006 онд “Худалдаа, хөгжлийн банк” ХК-д мөнгөний захын дилерээр эхлүүлж, алтны дилер, валют арилжааны дилер, ахлах дилер Кастодиан банкны үйлчилгээний хэлтсийн захирал зэрэг албыг хашиж байсан ба өнгөрөгч 2022 оноос “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-н Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч бөгөөд дэд захирлаар ажиллаж ирсэн туршлагатай юм.

Энэ хугацаанд иргэд, байгууллагаас биет алт худалдан авах, биет бус алтны арилжаа хийх, дотоодын болон олон улсын зах зээлийн үнэт цаасны зуучлал, нээлттэй болон хаалттай хөрөнгө босголтын ажлуудыг удирдан зохион байгуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө өгөх, олон улсын бирж дээр үнэт цаас гаргах үйл ажиллагаанд оролцохоос гадна Монгол улсад анх удаа гадаад бондын арилжаа хийх, 2023 онд АНУ-ын Засгийн газрын бондын арилжаанд дотоодын хөрөнгө оруулагчдын оролцох боломжийг нээж, санал болгосон зэрэг онцлох ажлуудад манлайлан оролцсон мэргэжилтэн юм.

Г.Энхбат нь МУИС-н Эдийн Засгийн Их Сургуульд бакалавр, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон Австрали улсын Гриффитын Их сургуулийг санхүүгийн чиглэлээр тус тус мастерын зэрэг хамгаалсан ба өдгөө “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-н Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байна.

Иймд, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд Г.Энхбат захирлын мэдлэг туршлага, удирдах арга барил, үүрэг, оролцоо ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг Удирдах зөвлөл болон хамтран ажиллагсад нь онцолж байна. Холбооны нийт гишүүдийн өмнөөс Удирдах зөвлөлийн даргаар томилогдсон Г.Энхбатад ажлын өндөр амжилт хүсье.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) нь Монгол Улсын үнэт цаасны зах зээлийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, зах зээл дээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, үнэт цаасны зах зээлийн бодлогын болон үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн үр нөлөө бүхий зохистой, нягт хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилго дор өдгөө 92 байгууллагын гишүүнчлэлтэй үйл ажиллагааг явуулж байна.

Холбоог 1995 оноос хойш амжилттай удирдан байр сууриа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн Удирдах зөвлөлийн дарга нартаа талархал илэрхийлье.


ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 47,579.17 нэгжид хүрч 1.94 хувийн уналттай хаагдлаа. 

  2. 2025 оны 3-р сарын инфляцын түвшин 9.6 хувиас буурч 9.1 хувь боллоо. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.8 нэгж хувиар (30.3%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.0 нэгж хувиар (55.1%) тус тус нөлөөлсөн байна.

  3. Монгол улсын 2025 оны 3-р сарын гадаад валютын улсын нөөц 4,999.5 сая ам.долларт хүрч өмнөх сараас 4.88 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Гэсэн хэдий ч тус үзүүлэлт нь оны эхэн үеэс 9.33 хувь буурсан үзүүлэлт юм. 

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Лхагва гарагт Ерөнхийлөгч Дональд Трамп ихэнх орнуудын нэмэлт тарифыг 90 хоногийн хугацаанд түр зогсоож, хэлэлцээр хийх боломж олгох шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэхээ зарласан нь хувьцааны зах зээл өсөлттэй байхад шууд нөлөө үзүүллээ. АНУ-ын хувьцааны зах зээл 7 хоногийн эцэст өсөлттэй хаагдсан ч энэ 7 хоног нийтдээ ихээхэн савлагаатай байлаа.
  2. Трампын засаг захиргаа БНХАУ-ыг энэ 90 хоногийн хөнгөлөлтөд хамруулаагүй ба оронд нь БНХАУ-ын бараанд ногдуулах тарифыг 7 хоногийн туршид хэд хэдэн удаа нэмэгдүүлж 145 хувь хүртэл, БНХАУ нь АНУ-ын импортод ногдуулах татвараа хэд хэдэн удаа нэмэгдүүлснээр 125 хувь хүртэл хариу арга хэмжээ авлаа. Дэлхийн хоёр том эдийн засгийн хоорондох худалдааны дайн хурцдаж, энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх бол гэсэн айдсыг зах зээлд төрүүллээ. Худалдааны дайн дүр зураг цаашид энэ хэвээр үргэлжилбэл дэлхийн хоёр том эдийн засагтай улс хоорондоо худалдаа хийлгүй бүрэн тусгаарлагдаж болох юм.
  3. АНУ-ын 3-р сарын инфляцын түвшин 2.8 хувиас буурч 2.4 хувь боллоо. Суурь инфляцын түвшин 3.1 хувиас буурч 2.8 хувь боллоо.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Өнгөрөгч 7 хоногт Европын хувьцаанууд уналттай байлаа. Зах зээл уналттай байхад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын мэдэгдлээс үүдэлтэй зах зээлийн савлагаа голлон нөлөөллөө. Тодруулбал, STOXX 600 индекс 1.92 хувь, FTSE 100 индекс 1.13 хувийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. Герман болон Италийн аж үйлдвэрийн бүтээмж буурч, Италийн эдийн засгийн өсөлт 2025 онд удаашралтай байна. Герман улсын 2025 оны 2-р сарын аж үйлдвэрийн бүтээмж өмнөх сараас 1.3 хувиар буурсан бөгөөд энэ нь 1-р сард 2 хувиар өссөнтэй харьцуулахад эрс өөрчлөгдсөн үзүүлэлт юм.
  3. Их Британийн эдийн засаг 2-р сард 0.5 хувиар өссөн нь үйлчилгээний салбарын өсөлтөөс үүдэлтэй байлаа. Дийлэнх шинжээчид эдийн засгийн өсөлтийг 0.1 хувь хэмээн таамаглаж байсантай харьцуулахад шинжээчдийн хүлээлтийг давсан үзүүлэлт боллоо.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. АНУ-ын эрх баригчид Япон улсын бодлого тодорхойлогчидтой худалдааны хэлэлцээр эхлүүлэх сонирхлоо илэрхийлсэн нь тодорхой хэмжээнд зах зээлийн сэтгэл зүйд эергээр нөлөөллөө. АНУ худалдааны түнш орнууддаа ноогдуулсан тарифыг 90 хоногийн хугацаанд 10 хувь болгон бууруулж байгаагаа зарласнаар Япон улсын хувьцаанууд огцом өсөлт үзүүллээ. (Япон улсын АНУ дахь импортод өмнө нь 24 хувийн тариф үйлчилж байсан юм.) Гэхдээ Япон улсаас АНУ руу экспортолж буй автомашинд ноогдуулсан 25 хувийн тариф энэ харилцан тариф бууруулах шийдвэрт хамрагдаагүй байна.
  2. АНУ-д эдийн засгийн хямрал үүсэх вий гэсэн болгоомжлолын үүднээс хөрөнгө оруулагчид АНУ-ын Засгийн газрын бондуудыг их хэмжээгээр зарсан байна. Үүний дараа хөрөнгө оруулагчдын хувьд найдвартайд тооцогддог хөрөнгө оруулалт болох иенийг худалдан авсан тохиолдол ажиглагдлаа.
  3. Япон улсын иений ханш ам.долларын эсрэг 146.9 орчим байсан бол JPY 143.1 болж иений ханш өндөр түвшинд чангарлаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. АНУ-тай хурцдаж буй худалдааны дайны улмаас БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 3.11 хувь, CSI 300 индекс 2.87 хувийн тус тус уналттай хаагдлаа.
  2. Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа БНХАУ-д ногдуулж буй нийт тарифыг 145 хувьд хүргэсэн мэдэгдэл албан ёсоор мэдээлэгдсэнээс нэг хоногийн дараа буюу БНХАУ нь АНУ-аас импортын бараанд ногдуулах тарифыг 84 хувиас 125 хувь болгон нэмэгдүүлснээ зарлалаа.
  3. БНХАУ-ын бодлого тодорхойлогчид “АНУ тарифын тооны тоглоомоо үргэлжлүүлбэл, БНХАУ үл тооно.” хэмээн онцлоод байна.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

 2025.04.11


"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.


Цахимаар оролцох иргэд https://agm.mn/ цахим хуудсаар, танхимаар оролцох хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурал зохион байгуулах комисст бүртгүүлээд хуралд оролцох боломжтой. 


Дэлгэрэнгүй

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 2025.04.09


Сангийн яам Засгийн газрын дунд хугацааны өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн зорилт 4-т заасны дагуу Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, санхүүгийн зах зээлд төгрөгийн бондын суурь хүүг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны нээлттэй арилжааг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүлэхээр болсон.


Дэлгэрэнгүй

Товхимлыг бэлтгэсэн:

С. Зоригт /Дилер/


Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261